admin
А.ЦЭГМЭД: Болдог бол сайхан бүсгүйн дүрд залуу насаа мөнхөлж үлдээмээр байна. Даанч тэгэж чадахгүй
Бид энэ удаагийн ярилцлагын буландаа кино урлагын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж өдгөө 57 жил энэ салбартаа зүтгэж яваа МУГЖ А.Цэгмэдтэй ярилцлаа.
-СПОРТЫН ГИМНАСТИК УРЛАГТ ОРОХ АНХНЫ АЛХМЫГ МААНЬ НЭЭЖ ӨГСӨН-
-Та багаасаа спортын гимнастикийн төрлөөр хичээллэж байсан юм билээ. Энэ талаар яриагаа эхэлье? -Миний хувьд 1958 онд хөдөөнөөс Улаанбаатар хотод спорт гэж юу байдаг талаар мэдэхгүй хүн орж ирж байсан. Д. Норов багш маань намайг 1960 онд Монголын спортын гимнастикийн анхны долооны гишүүний нэгээр сонгон авч 29 нас хүртэл энэ спортоор хичээллэх боломжийг олгосон. Энэ спортоор хичээллэснээр цаашдаа урлаг руу холбирон орох анхны алхмыг тавьж өгсөн гэж би боддог доо. -Жүжигчин болох гараагаа хэзээнээс эхэлсэн бэ? -10-р ангиа төгсөөд АУДС, БТДС-д шалгалт өгсөн ч хуваарь байхгүй тул 1965 онд УДЭТ-ын дагалдан жүжигчнээр орох хувь заяа оногдсон. -Нийслэл хүүхэн кинонд та гаднаа хатуу боловч дотроо зөөлөн хадам ээжийн дүрийг бүтээсэн. Тэгвэл бодит амьдрал дээр та ямар хүн бэ? -Хатуу даа хатуу. Зөөлөндөө зөөлөн хүн. Нийслэл хүүхэн киноны ажаагийн дүрийг зохиолч нь бичихдээ өөрийнхөө эмгэн буурал ээждээ зориулсан юм билээ. Миний эмгэн буурал ээжтэй зан төлөвийн хувьд ажилсаг зан төрх нь их таарсан учир өөрийнхөө биеэр дамжуулж тэр хоёр эмгэн буурлын мөн чанарыг гаргахыг хичээсэн. -Марко Поло кинонд тоглосон тухайн үеийн мэдрэмж? -Марко Поло кинонд үе тэнгийнхнээ төлөөлөөд анх удаа гадны кинонд үггүй олны хэсэгт гурван сар зураг авалтад орсон. Урлагт хөл тавиад 50 гаруй жил болохдоо гадны кино гэж юу байдаг юм бол гэж боддог байсан бол надад нүдээрээ харах боломж тохиосонд битүүхэндээ баярласан. Мөн Монголын кино урлаг хэзээ ийм болох бол гэж мөрөөдөж суусан. Харин соёлын яам байгуулагдаж өнөөдөр Монголын кино урлаг өөрийн гэсэн мөрдөх хуультай болсонд баярлаж байгаа. Тухайн үеийн мөрөөдөл маань биелэхэд ойрхон байна.-ОНОГДСОН ДҮР БҮХЭН МИНЬ ЦЭГМЭДЭЭР ДАМЖИН ҮЗЭГЧДЭД ХҮРДЭГ УЧИР ДҮРИЙН СУДАЛГАА ИХ ХИЙДЭГ-
-Таны тоглосон киноны дийлэнх хувь нь туслах дүр мөртлөө хүмүүсийн сэтгэлд тод үлддэг. Дүр дээрээ хэрхэн ажилладаг вэ? -Туслах дүр ч бай хоёрдугаар зэргийн дүр ч бай хэн нэгний амьдралыг харуулдаг. Жүжигчин хүний бүтээсэн дүрийг жинхэнэ дүр бүтээсэн үү? үгүй юу? гэдгийг ард түмэн дүгнэнэ. Хамгийн гол нь удган ч бай, эсрэг дүр ч бай, эерэг дүр ч бай энэ бүхэн дээр заавал судалгаа байх хэрэгтэй. Драмын театрт ажиллаж байхад дүр бүхэн дээр бид нар намтар судалдаг байсан. Тиймээс оногдсон дүр бүхэн амьд хүн. Өөрөөр хэлбэл тэрүүхэн богино хугацаанд тухайн хүний мэдрэмж, туулсан амьдрал тэр хүнээс Цэгмэд дээр дамжин ирдэг. -Жүжигчин хүн бүрд тоглохыг битүүхэн хүсэж мөрөөддөг дүр байдаг . Танд тийм дүр бий юу? -Зөндөө байна. Болдогсон бол хүсэж байгаа бүхий л дүрүүддээ тогломоор байна. Гэвч миний нас хэд билээ. Залуудаа Жульеттагийн дүрд тоглохыг мөрөөдөж байсан бол тэр мөрөөдөл биелээгүй. Яагаад гэвэл аливаа нэг юмны цаг хугацаа боломж гэж байдаг. Би голдуу эрэгтэй хүүхдийн дүрд тоглодог байсан учир сайхан бүсгүйн дүрд залуу насаа мөнхөлж үлдээж чадаагүй. Харин энэ насандаа түүхэн киноны багахан хэсэгт түүхэн хүний дүрд тоглосондоо их баяртай явдаг. -Кино натурт явах үед сэтгэлд тань хоногшин үлдсэн дурсамжаасаа хуваалцаач? -Бөөн дурсамж миний тархи, толгойд кодлогдон үлдсэн байна. Залуу уран бүтээлчидтэй хамт ажиллах бүрийн дурсамжийг ярьвал хэчнээн роман, тууль бичихээр дурсамж зүрх сэтгэлд минь бий. Дуучин хүн уран бүтээлээ үзэгч түмэндээ бие даасан тоглолт хийж тайлагнадаг шиг би өөрийнхөө уран бүтээл, шүлэг тэмдэглэлийг нэгтгэн ном гаргасан. Сүүлд нь бодохнээ нэрийг нь буруу өгчихсөн юм болов уу гэж бодсон доо. (инээв) -Залуу уран бүтээлчдэд хандаж хэлэх үг бий юу? -Магтаалын үгийг би залуучууддаа харамладаггүй. Би залуучуудын сул талыг харахаас илүү зөвлөмж өгдөг. Шүүмжлэх өнцгөөс гэхээс илүү тоглоом, наргианаар найрсаг зөвлөгөө өгнө. Миний энэ мэргэжил чинь төгс биш мэргэжил. Жүжигчин гэх мэргэжлийн эхлэлийг үздэгч төгсгөлийг нь үздэггүй. Төгсгөлийг нь ардын жүжигчин, хөдөлмөрийн баатраар ч дүгнэх боломжгүй. Би жинхэнэ төгс хүн болчихлоо гэж хэлж зүрхэлдэггүй. Тийм хатуу мэргэжил. Дундаас нь хэн нэгэн энэ мэргэжлийг яах гэж эзэмшив гэж бодоод өөр салбарт очоод энэ мэргэжлээр өнчирч, үгүйлж байдаг гайхалтай, өвөрмөц сонин мэргэжил. Залуучууддаа хандаж хэлэхэд монгол түүхээ сайн уншаарай, монгол хэлээрээ сайн ярьж сураарай. Бид өнөөдөр үгийн баялаг ихтэй мөртлөө 2000 хүрэхтэй үгүйтэй үгийг нь ашиглаж байна. Жишээ нь "аймар" гэдэг үгийг аймар биш зүйл дээр маш гоё гэдэг утгаар хэрэглэж байна. Үг бохирдож эхэлж байна. Гадаад үгийг их сольж хэрэглэж байна шүү дээ. Э. Оюун багш маань намайг УДЭТ-т жүжигчнээр орж байхад " Хэзээ ч Цэгмэдээ Монгол хэлээ гадаадын үгтэй хольж битгий яриарай. Хамгийн соёлгүй, ёс бус юм бол тэр байдаг юм шүү" гэж байсан. Одоо Монгол хэлийг англи, орос хэлтэй жирийн яриандаа хольж хэрэглэж байгаа нь учир дутагдалтай санагддаг. -Эцэст нь манай уншигч, үзэгчдэд сар шинийн мэнд дэвшүүлээч? -Монголын ард түмэн минь ирэх ондоо эрүүл байж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй. -Ярилцсанд баярлалаа.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл