УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй

admin
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй

Намрын чуулганаархэлэлцэн батлах ёстой хамгийн гол хууль бол Төсвийн тухай хууль. Энэ хууль батлагдаж байж л улсын ажил эхэлдэг. Энэ хууль батлагдаж байж л төр, хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтаа эхлүүлдэг. Хийж байснаа үргэлжлүүлдэг. Тиймээс улс даяараа улсын төсөв хэрхэн батлагдахыг харж, хүлээж байна. Төсвийн хууль санаачлагч нь мэдээж Засгийн газар. Батлах ёстой субьект нь УИХ. Улмаар УИХ-аас баталсан төсвөөр Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг зарчимтай. Тэгэхээр өргөн барьсан төсвөө анхны хувилбараар нь батлуулах сонирхол Засгийн газар, тэр дундаа салбарын сайдад их бий. Хэрэв аль нэг сайдын багцын дүнг УИХ хэлэлцэх явцдаа өөрчилбөл тухайн яам салбарынхаа төлөвлөсөн ажлаа батлагдсан төсөвтөө уялдуулаад өөрчилж таарна. Энэ өөрчлөлт заримынх нь эрх ашигт нийцэхгүй, заримынх нь ажлыг гацаах ч эрсдэлтэй байдаг. Тиймээс л жил бүр төсөв хэлэлцүүлэх явцдаа өргөн барьсан төсвөө эх хувилбараар нь батлуулах гэж сайд нар гишүүдэд найр тавьдаг уламжлал тогтоод удаж байна. Үүнийг нь УИХ-ын гишүүд мэддэг учраас ямар нэгэн байдлаар улстөржилт хийж, зарим нь кнопоо худалдах үзэгдэл гардаг. Монголчууд энэ мэт дээр, дооргүй эрх мэдлээ ашиглаж, олдсон боломжоос ямар нэгэн байдлаар өөрт ашигтай байдлыг бүрдүүлэх гэж хичээдэг, хогийн хандлагатай. Ийм хандлага шинээр бүрэлдсэн анхны 126 гишүүнтэй парламентад ч саяхан тод харагдлаа. Ердөө 50-хан сая төгрөг дээр л Монголын ард түмний төлөөлөл болж төрийн жолоог атгаж яваа төрийн түшээд “ноён нуруугаа хугалчихлаа”.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд Тэрэлжийн таван одтой зочид буудалд цугларч, төсвийн хэлэлцүүлгийг хийсэн нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байна. Төсвөө хэлэлцэх нь зөв ч яагаад заавал Тэрэлжид гэж. Яагаад заавал үнэтэй, тансаг зочид буудалд гэж. Иргэд гайхаж байна. Тэр тусмаа хуралдсан зочид буудал, амралтын газар нь Ч.Номин сайдын хамаарал бүхий компанийнх болж таарч байдаг. Үүнээс илүү иргэдийн хамгийн их дургүй нь хүрч, шүүмжилж байгаа асуудал бол тус хурлын зардлыг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр хийсэнд байгаа юм. Тиймээс уг зардлыг хуралд оролцсон УИХ, Засгийн газрын гишүүд буцаан төлж, татвар төлөгчдийн үргүй зардлыг нөхөх ёстой гэсэн байр суурьтай иргэд олон байна. Тэрэлжид болох тус хэлэлцүүлгийн мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас УИХ-ын гишүүдийн нэгдсэн вайбэр групп чатанд анх мэдээлж. Улмаар тус хуралд УИХ-ын нэр бүхий 70 орчим гишүүн, Засгийн газрын ихэнх гишүүд очиж оролцсон байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдээс Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, О.Батнайрамдал, Э.Батшугар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Ж.Ганбаатар, М.Ганхүлэг, Г.Дамдинням, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд нар явж. Харин Засгийн газрын гишүүдээс Н.Учрал, С.Амарсайхан, Э.Одбаяр, Б.Тулга, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Ч.Номин, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарын нэрс хэвлэлээр яригдаж байна. Тэгвэл очоогүй гишүүд, сайд нарын нэрсийг ил болгож, нийтэд зарлахыг ЗГХЭГ-аас шаардаж байна, ард түмэн.

Энэ парламентад жагсаалтаар орж ирсэн болон тойргоос сонгогдсон залуу гишүүдийн ихэнх нь очсон гэж байгаа. Эдгээр залуу гишүүдийн зарим нь уг хуралд яагаад очсон талаараа “Төрийн ажил явагдана гэж хэлсэн болохоор л очсон. Үнэхээр найр наадам болно гэж мэдээгүй. Цаашид иймэрхүү хэлэлцүүлэгт бид очихгүй” гэдэг тайлбарыг хэвлэлд өгч байна. Зарим нь хэлэлцүүлэг дуусгаад хот руу буцсан гэж байгаа бол зарим нь хэлэлцүүлэг өндөрлөсний дараа уг зочид буудалд тухлан саатсан байгаа юм. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар уг зочид буудалд УИХ, Засгийн газрын гишүүд манай танай нам гэлтгүй бүгд ууж, идэн шөнөжин найрласан аж. Ёстой аз жаргалтай, тав тухтай төсвийн хэлэлцүүлэг гэж энэ байх даа. Тэрэлжид байдаг тэрхүү таван одтой зочид буудалд энэ удаад л гишүүд очиж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм биш л дээ. Улстөрчид, томчууд тэнд байнга очиж эрх ашгаа нэгтгэдэг болоод удаж байгаа. Тэр дундаа МАН-ын том дарга нар уг газарт очиж улс төрийн нууц тохироо, хуралдаан, далд бодлогуудаа хэлэлцдэг жишээ олон. 2017 онд МАН-ын харьяалалтай УИХ, Засгийн газрын гишүүд Тэрэлжид очиж уулзалдаж байсан нь ил болж олны дургүйцлийг төрүүлж байсан. Яг одоогийнх шиг сонгуулийн дараахь УИХ, Засгийн газрын гишүүдийн уулзалт болж таарсан. Үүнийг тухайн үед УИХ-ын гишүүн байсан Д.Дамба-Очир тайлбарлан ярихдаа “…Өнгөрөгч баасан гаригийн орой Засгийн газрын гишүүд Их хурлын гишүүдээ хүлээж авсан нь үнэн. Гэхдээ оройн зоогийн ширээний ард суучихаад Таван толгой, Эрдэнэт ярина гэж байхгүй. Тийм ч зүйл болоогүй. Баасан гаригт Тэрэлжийн замд байдаг тэр газар амарцгаагаад ирсэн. Тэнд ямар нэг асуудал шийдээгүй. Зохион байгуулалттай хийсэн зүйл байхгүй ээ” гэж өөрсдийгөө өмөөрч байлаа.

Тэгэхээр иймэрхүү уулзалт, хэлэлцүүлэг, хурал МАН-ын уламжлалт арга хэмжээ гэж хэлж болохоор. Гол асуудал нь уг уулзалтынхаа зардлыг улсын төсвөөс гаргасанд л байгаа юм. Ард түмэн өнөөдрийнхөө идэх бүтэн талхнаас талыг аван байж улсдаа татвар төлдөг. Харин тэрхүү төлөгдсөн татвараар нь эрх баригчид найрлаж, тансаг зочид буудалд төрийн ажлыг явуулж байгаад ард түмэн үнэндээ зэвүүцэн, дургүйцэж байна. Угтаа УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг явуулах тусгай байр, ордонтой. Тэнд төрийн ажлыг явуулах хууль, журамтай. Явуулж байгаа үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэндээ ил тод, нээлттэй мэдээлэх үүрэгтэй.

Энэ утгаараа Тэрэлжид очсон УИХ, Засгийн газрын гишүүд хууль зөрчихөөс гадна, иргэдээ басан доромжилж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ үйлдэлдээ хууль тогтоогчид иргэдээсээ уучлалт гуйж, зарцуулсан төсвийн мөнгийг нөхөн төлөхийг олон нийт шаардаж байна. Шаардах нь ч зөв. Нөгөөтэйгүүр төсөв батлах нь УИХ-ын гишүүний үүрэгт ажил. Төсөвт алдаа байвал засч залруулах эрх нь УИХ-ын гишүүнд бий. Энэ ажлаа хийхдээ заавал Засгийн газар, сайд нарын лоббинд орж, өгсөн хоолыг нь “гудрах” ямар шаардлага байна. УИХ бол бага ард түмэн. Ард түмэн өлсгөлөн байж болно. Та нар ядаж өлөн баймааргүй байна, гишүүд ээ. Хийх ёстой ажлаа хуулийн дагуу хийгээд л явцгаа л даа. Төсвөө нийтийн эрх ашигт нийцүүлж, нөгөө бүсчилсэн хөгжлийнхөө үзэл баримтлалд тулгуурлан батал гэж та нарыг ард түмэн сонгоцгоогоо биз дээ. Гэтэл төсөв батлах эрх мэдлээ таваг хоол, тал шил архинаас худалддаг УИХ-ын гишүүн гэж байдаг аа. Ингэснээрээ та нар ард түмний саналыг худалдаж байна гэсэн үг. Ийм өчүүхэн бодолтой, өлөн гишүүд жар далаараа энэ парламентад байна гэхээр Монгол Улсын хөгжил, ирээдүй гэрэлтэй харагдах нь эргэлзээтэй юм аа. Юутай ч татвар төлөгчдийн хөрөнгөөс гоожуулсан 50 сая төгрөгөө дээрх нэр бүхий гишүүд буцаагаад төлчих.

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин



Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө