admin
Нийтийн тээвэр дагасан, Нийслэлийн агаарын бохирдол
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, бидний амьдрал энд буцалдаг. Өдгөө манай улсад, 2 хүн тутмын нэг нь нийслэл хотод амьдарч байна. Гэтэл Улаанбаатар хот, нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзлэдэг. Эдгээр тоо баримтыг дурьдахгүй байсан ч бид үүнийг өдөр бүр харж, дотор нь амьдарч байна. Их хотын завгүй амьдралын хэмнэлийг автобусны буудал дээрээс тольдож болно. Тэнд өвөл ч, зун ч хүмүүс дүүрэн. Хавар ч, намар ч автобус дайран өнгөрдөг хэвээр. Автобус нь ч хэвээр, амьдрал үргэлжилсээр л...
Ухаалаг карт нэвтрүүлснээ урагшилж байна гэж бодвол том эндүүрэл
Нийслэлийн хэмжээнд өдөрт 1170 автобус үйлчилгээнд гардаг гэх тоо бий. Харин өдөр бүр дунджаар 600 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Би ч тэдний нэг. Ихэнх иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг. 30 жилийн өмнө нийтийн тээврийн салбар яг л ийм байсан. Хүмүүс нь багтахын тулд хаалганаас дүүжлэгдэж, хүнээ багтааж дийлэхгүй автобус буудлаа хаяж давхина. Тэгвэл энэ дүр зураг өнөөдөр ч хэвээр. Ялангуяа орой ажил, хичээл тарах цагаар үүнийг харж болно. Цуг автобусанд суусан найзаасаа төөрч явсан үе хүртэл бий. 30 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл нь төлбөр хураах систем. Харин учир мэдэх хүмүүс “Ухаалаг карт нэвтрүүлснээ урагшилж байна гэж бодвол том эндүүрэл шүү” хэмээн бухимдаж байна. Нийслэлийн иргэд өвлийн цагт хаа сайгүй л утаагаар амьсгалдаг. Гэтэл тэд нийтийн тээврээр зорчихдоо хүртэл утаанд хорддог гэвэл тун харамсалтай. Учир нь тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны дийлэнх хувийг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй автобуснууд ялгаруулдаг. Тодруулбал тэдгээр нийтийн тээврийн хэрэгсэл жилд 55 тонн хорт утаа ялгаруулдаг гэх судалгаа бий. Энэ нь хүний амьсгалах түвшинд ялгардагаараа хор хохиролтой гэдгийг албаныхан хэлж байна.Өвлийн улиралд гэр хорооллын утаа агаарын бохирдлын дийлэнхийг эзэлдэг. Харин тээврийн хэрэгслээс ялгарах утаа 365 хоногийн турш агаар бохирдуулна.Монгол улсад тээвэр хийж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн 90 гаруй хувь нь бНСУ-ынх. Ингэхдээ тухайн улсад актаас гарсан автобусыг Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ мэтээр рекламдаж нэвтрүүлдэг. Энэ талаар том оврын автобус эрхлэгчдийн холбооноос “Нийтийн тээврийн үйчилгээнд явж байгаа автобусын 92 хувийг 10-аас дээш жил явсан тээврийн хэрэгсэл эзэлдэг. Шинэ автобус худалдан авах боломж муу байна. Төрөөс нөхөн төлбөр өгдөггүй болохоор аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө боломжоор нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж байна. Бид 20 гаруй жил төрийн үйл хэргийг нуруундаа үүрч ирсэн” гэж тайлбарласан байдаг. Энэ бол үнэн. Ер нь ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орноос бид автобусаа авч ирсэн. Бүгд л тухайн орондоо актаас гарсан байх бөгөөд эцсийн зогсоол нь Улаанбаатар болж байна. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл “Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх буюу гамшгийн хэмжээнд хүрсэн. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй автобуснууд нийт тоосонцрын 60-70 орчим хувийг ялгаруулж байна” гэсэн юм. Тоосонцор нь уушги, зүрхний өвчний үндэс болж, даамжирвал амь насанд ч хүрэх аюултай. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний MNS 5012:2011 хэмээх стандарт бий. Харин Монгол улсад уг стандарт мөрдөгддөггүй. Үүний уршгаар хотын төвийн зам дагуух нийт тоосонцрын 80 хувийг том оврын автобуснууд үйлдвэрлэж байна. Бид бүгд л өвлийн цагт гэр хорооллын утаа агаар ихээр бохирдуулдаг гэдгийг мэднэ. Харин нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утаа 365 хоногийн турш агаарт буйг төдийлөн ойшоохгүй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын судалгааны дүнгээс харахад нийтийн тээврийн хэрэгслийн утаа, тоос нь агаарын бохирдлын хоёрдогч томоохон эх үүсвэр болдог. Энэ нь агаарын бохирдлын 10 хувь, нүүрсхүчлийн давхар ислийн 30 хувь, азотын давхар ислийн 78,5 орчмыг бүрдүүлдэг байна. Эдгээр элементүүд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хүлэмжийн хийн ангилалд багтдаг. Хэдийгээр бага хувь мэт харагдавч хорт чанараар гэр хорооллын утаанаас хавьгүй их төдийгүй, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үргэлжилдгээрээ илүү сөрөг үр дагавартай юм.
Тээврийн хэрэгслээс ялгардаг утааны сөрөг нөлөө олон жилийн дараа илэрдэг буюу зам тээврийн осолтой дүйцэхүйц хор хөнөөлтэй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хорт хавдар судлалын олон улсын агентлагийн мэдээллээс үзвэл, хатуу биетээр бохирдсон агаар хорт хавдар, ялангуяа уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Удаан хугацаанд азотын давхар исэл бүхий агаараар амьсгалснаар бронхит, астмтай хүүхэд, томчуудын өвчин хүндэрч буй нь судалгаагаар нотлогдсон байна. Түүнчлэн энэ хорт хий уушгины үйл ажиллагааг бууруулдаг гэж гадаад эх сурвалжууд онцлох болжээ. Тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт бодисуудын нөлөө нэг өдөр, нэг жилийн дараа бус арав, түүнээс ч олон жилийн дараа илэрдэг учир маш ноцтой. Хүмүүс хорт чанарыг нь нүүр тулж мэдэхгүй явсаар нэг л өдөр аюултай нөхцөл байдалтай нүүр тулдаг байна. Тиймээс өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон нийтийн тээврийн асуудалд, бид өөрсдөө шаардлага тавих цаг болжээ.Агаарын бохирдол, утааны асуудлыг зөвхөн өвөл, гэр хороолол хоёрт тохож суух нь өрөөсгөл болохыг, технологийн хөгжилтэй уялдсан бодлого, шийдэл, бодит жишээнүүд харуулж байна.Энэхүү байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд ихэнх улс орнууд нийтийн тээврийн хэрэгслээ ухаалагаар сайжруулж байна. Харин манай улсад үр дүн үзүүлсэн шийдвэр хараахан гараагүй бололтой. Хэрэв гарсан бол 2017 оноос нийслэлийн иргэд метрогоор үйлчлүүлж, 2020 онд улаанбаатарын метроны бүтээн байгуулалт бүрэн хэрэгжиж, 1500 гаруй ажлын байр бий болсон байх байлаа. Жаахан хэтрүүлж хэлбэл эдүгээ метрогүй нийслэл дэлхийд бараг үгүй бололтой. Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан газраас Улаанбаатарт хэзээ метро барихыг сурагласан хэвлэлийнхний асуултад “Улаанбаатар хотод метро барихад тохиромжгүй, газар доогуураа олон шугам сүлжээтэй. Харин тусгай замын автобус буюу BRT-г нэвтрүүлнэ” гэсэн хариулт өгчээ. Гэхдээ мөн л мартагдсан бололтой. Хэзээ Улаанбаатарчууд нийтийн тээвэрт санаа зовохгүйгээр сэтгэл өег үйлчлүүлэх боломжтой болох вэ? “Дэлхийн улс орнууд шинэчлэлийн төлөө зоригтой хөдөлж, хэрэгжүүлж чадаж байна. Харин Монголын удирдах түвшний албан тушаалтнууд хэрэлдэж, хэлэлцэхээс цааш хэтрэхгүй нь. Иргэдийг хувийн унаагаа орхи гэж загнадаг дарга нар эхлээд нийтийн тээврээ сайжруул. Тэр цагт иргэд унаагаа орхино, агаарын чанар ч сайжрана”хэмээн сэтгүүлчид бичиж байна. Ямартай ч нийтийн тээвэр бол зайлшгүй хэрэгцээ. Тоо ширхэг, хэрэглээ нь улам л нэмэгдсээр байгаа. Тиймээс амьдралдаа ашигласан хэвээр үлдэхийн тулд бид тэдгээрээс ялгарч буй хорт хийг бүрэн устгадаггүй юмаа гэхэд ядаж байж болох доод хэмжээнд нь хүргэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлд өндөр түвшинд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй юм.
Б.Эрдэнэзаяа
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл