admin
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар холбогдож Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэж буйд баяртай байгаагаа онцолжээ.
Энэ түүхэн хугацаанд хоёр улс томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, хөгжил дэвшлийн төлөө далайцтай бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байсныг тодотгон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалыг үр дүнтэй болгох үүднээс бэлтгэл ажлыг хоёр талаас эрчимжүүлэхээр ярилцсан байна. Улмаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулахаар болов.
Үүнээс гадна “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өрийн асуудлыг шийдвэрлэх, тээврийн тарифыг үе шаттай чөлөөлөхөөр ажиллаж байгаа талаар дурдаж Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссаны дараа санхүүжилтийг хамтран шийдвэрлэхээр ярилцсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Роснефть” компанитай хамтарсан компани байгуулж, Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудалд шатахуун нийлүүлэх асуудлыг шийдвэрлэснээ дурдан тус компани манай улсад шатахууны нийлүүлэлтээ тохирсон хуваарийн дагуу тогтвортой нийлүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Оросын талаас ч энэ асуудалд бодитойгоор анхаарахаа илэрхийлж, Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, эрчим хүчний төслүүдэд Оросын аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтойг тодотголоо.
Мөн хилийн боомтуудын дэд бүтцийг бэхжүүлж, үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Ульхан зэрэг боомтод онцгойлон анхаарал хандуулж, тээвэр логистик, худалдааг саадгүй явуулах гүүр болгох нь хоёр талын эрх ашигт бүрэн нийцнэ гэдэгт санал нэгдэв. Хоёр улсын Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн тухай хамтарсан судалгааны дүнд үндэслэн цаашдын арга хэмжээг хэлэлцэн тохиролцохоор болжээ. Түүнчлэн боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйгаа Ерөнхий сайд нар тэмдэглэж, эдгээр салбарын боловсон хүчнийг ОХУ-д үргэлжлүүлэн бэлтгэх, Монгол дахь орос хэлний сургалтыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Т. Лхамсүрэн
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл