Мөрийтэй тоглоомд хожил гэж байхгүй
Сүүлийн үед иргэдийн дунд онлайн болон бусад хэлбэрээр мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний мөнгө алдах, өрөнд орох зэрэг үзэгдэл элбэг тохиолдож байна. Үүний улмаас сэтгэл санаагаар унах, өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулж өр төлбөрөө төлөх, цаашлаад нийгэмд болоод өөртөө эрсдэлтэй үйлдэл хийх зэрэг сөрөг үр дагавар үүсэж байна.
Үүнтэй холбоотойгоор бид сэрэмжлүүлэг болгон мөрийтэй тоглоомын хор уршиг, хариуцлагын тухай нийтлэл хүргэж байна.
Цагдаагийн байгууллага чадах чинээгээрээ хууль бус мөрийтэй тоглоом, онлайн покерын сайтуудтай тэмцэж байгаа ч өдөр бүр шинээр хэдэн арван ийм төрлийн сайт нэр, загвараа өөрчлөн үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа цар тахлын үеэр иргэд ажилгүй болж, хялбараар мөнгө олох хүсэлтэй болсон. Мөрийтэй тоглоомын онцлог нь богино хугацаанд мөнгөө өсгөх, мөн богино хугацаанд хүнийг юу ч үгүй болгодог. Насаараа цуглуулсан хөрөнгөө алдахаас гадна төлж баршгүй өрөнд унадаг. Үүнээс болон сэтгэлийн дарамтад орж, сэтгэл санаанд нөлөөлнө. Улмаар амиа хорлох ч тохиолдол цөөнгүй.
Цагдаагийн ерөнхий газраас хууль бус мөрийтэй тоглоомын гэмт хэргийн тухай Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан байна.
Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газар, Монгол банк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа болон хэсэг бүлгээрээ нэгдэн мөрийтэй тоглож байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байгаа аж. Өнгөрөгч сарын байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудад байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож, их хэмжээний мөнгийг битүүмжлэн, зохион байгуулагч нарыг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.
Залуусын дунд нэг ороод “ёндоорно” хэмээн өөрийн бүх зүйлээ мөрийтэй тоглоомд алдах тохиолдол элбэг. Гэтэл мөрийтэй тоглоомын тусламжтайгаар ажил амьдралаа дээшлүүлсэн хүн тун цөөхөн. Хүний амьдралыг дээшлүүлдэг, сайжруулдаг зүйл нь мөрийтэй тоглоом биш бөгөөд мөрийтэй тоглоомд хожил гэж байхгүй.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай болсон юм.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд:
Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ
Хэрэв мөрийтэй тоглон их хэмжээний өрөнд орсон бол та заавал төлж барагдуулах шаардлагагүй...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ