Нийслэлийн иргэдийн өвлийн хүнсний хэрэгцээг хангах зорилготой “Өвлийн идэш-2026” мах, сүү, цагаан идээний нэгдсэн өргөтгөсөн худалдаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр өндөрлөнө.
Тус худалдаа энэ сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.
Худалдаагаар үхэр, хонь, ямаа, адууны мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон ангилж савласан мах, махан бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа юм.
Энэ удаагийн худалдааны гол зорилго нь малчин, хоршоологчид болон үйлдвэрлэгчдийг нийслэлийн хэрэглэгчидтэй шууд холбож, дундын зуучлалгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулах, иргэдэд өвлийн идшээ харьцангуй тогтвортой үнээр бэлтгэх боломж бүрдүүлэхэд чиглэжээ.
Худалдааны үеэр мэдээлэгдсэн махны үнээс дурдвал:
- Үхрийн мах – 23,000 төгрөг
- Хонины мах – 18,500 төгрөг
- Ямааны мах – 13,000 төгрөг
Үнэ нь бүтээгдэхүүний төрөл, ангилал болон борлуулагчаас хамаарч зөрүүтэй байж болно.
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-нийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх тул өвлийн хүнсний хэрэгцээгээ бэлтгэж амжаагүй иргэд худалдаанд оролцож, үйлдвэрлэгчдээс шууд худалдан авалт хийх боломжтой.