![](http://key_v2.test/storage/images/1x1/yI2FRY0X2zLpIxpk2iVxHU8XusP7MmSm5yvP6NVt.png)
admin
"Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-аас баривчлан саатуулжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулж, иргэн Ч.Мөнхбаярыг өнөөдөр 15:00 цагийн орчимд Энхтайваны гүүрний хажууд байрлах “Наран” плазагийн ойролцоогоос баривчилжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны нэгдүгээр орцонд тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна.Албан бус эх сурвалжын мэдээллээр “Иргэн Ч.Мөнхбаярыг гадны тусгай албатай хамтарч ажилласан гэж буруутган баривчилсан” гэв. Мөн бичсэн посттой нь ч холбоотой гэх мэдээлэл байна.Ч.Мөнхбаяр өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны Лхагва гаригийн 16.14 цагт цахим хуудастаа хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Б.Болд, Ж.Батзандан нарын зурагтай пост оруулжээ. Тэрбээр постдоо: “Гурван жилийн өмнө иргэний хөдөлгөөдтэй уулзах үед: -Би “хэзээ ч албан тушаалд очихгүй, та нартайгаа хамт гудамжинд жагсаж тэмцэнэ” гэж байсаан. “Ордон орчихоод, удахгүй гараад ирнэ” гээд орсоон. Гэтэл ордон ороод хоёр сар болчихжээ. Эргэж та нартайгаа уулзалгүй хоёр сар болчихжээ. Ордон ороод, "ЗГХЭГ-ын дарга болчихвол бидний яриад байсан юмнууд бүтэх юм байнаа" гэдгийг мэдэнгүүтээ би цаг алдахгүй гээд бушуухан ЗГХЭГ-ын дарга болчихсон юм л даа. Одоо та нар тарцгаа. Талбай дээр барьсан гэрнүүдийг буулгацгаа. Гахай жил бүх юм сайхан болно. Би МАНАН-гийн эсрэг тэмцлээсээ ухрахгүй, амь хайргүй тэмцэхээ андгайлж байна!” гэж бичжээ.
Тагнуулын ерөнхий газраас маргааш (2022.02.18) иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдлээ.