Монголын эзэнт гүрний түүх, соёлын нөлөөг дэлхийн урлагийн өвтэй холбон харуулах “Монголын ертөнц: Ил хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд нээлээ.

Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейн сан хөмрөгөөс сонгосон нийт 13 ширхэг керамик, терракота болон чимэглэлийн урлагийн ховор бүтээлийг Монголд авчирч дэлгэн үзүүлж байна.

Эдгээр үзмэр Монголд төдийгүй Ази тивд анх удаа дэлгэгдэж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэнгээр XIII–XIV зууны Ил хаант улсын үеийн урлаг, соёл, Персийн уламжлалт керамик урлал болон Монголын эзэнт гүрний Евразийн соёлын солилцоонд үзүүлсэн нөлөөг танилцуулж байна.

Үзэсгэлэн 2026 оны арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байна.