![](http://key_v2.test/storage/images/1x1/yI2FRY0X2zLpIxpk2iVxHU8XusP7MmSm5yvP6NVt.png)
Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийжээ
![Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийжээ](https://key.mn/storage/images/innCBGAsdOCcRw885fk373vlfzuprEXxzYNo7ezo.jpg)
“Гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллажээ.
Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, ажлын алба, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран давхардсан тоогоор 2520 ажилтан, алба хаагч нийт 35649 айл өрхөд галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж, 7508 зөрчил илрүүлэн 4155 зөрчлийг арилгуулж, аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг хүргэсэн аж.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 611 удаагийн сургалтаар 25.283 иргэнд мэдлэг олгож, нэгдсэн арга хэмжээг 46 удаа зохион байгуулан 113.392 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэж, 46.644 ширхэг мэдээлэл сурталчилгааны зурагт хуудсыг түгээсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/18 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн 16 дугаар хороонд “Нэг өрх Нэг гал унтраагуур” арга хэмжээг хэрэгжүүлж, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 45 өрхөд гал унтраагуурыг хүлээлгэн өгч, аюулгүй ажиллагааны зааврыг хүргэжээ.
Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулсан хугацаанд нийслэлийн хэмжээнд дуудлага мэдээлэл 24.3 хувь, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил 70 гаруй хувиар буурсан дүнтэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.